Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Засгийн газар хөрөнгийн зах зээлд онцгой анхаарч эхэлсэн. Уг бодлогын хүрээнд олон улсын хөрөнгийн зах зээлд төрийн өмчит компаниудыг бүртгүүлэх талаар ч тодорхой арга хэмжээ авч байна. Эдгээр асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой Монголын Хөрөнгийн Биржийн сар тутмын хэвлэл-“Хөрөнгийн зах зээл” сэтгүүлийн сурвалжлагч ярилцлаа.

- Ерөнхий Сайд аа, “Хөрөнгийн зах зээл–хөгжлийн хөшүүрэг” гэсэн санааг олон нийт сонирхож, сайшааж хүлээж авсан. Энэ санаачилга нь улс орныг хямралаас гаргаад зогсохгүй хөгжилд хүргэх алхам болно гэж үзэх хүмүүс ч олон бий. Хөрөнгийн зах зээлийн сэдвийг хөндөх санаа хэзээнээс төрөв өө?

Ерөнхий сайд: Хөрөнгийн зах зээлийг сайтар тайлбарлахын тулд эхлээд хэдэн тоо баримт дурдъя. Эдгээр тоо баримт асуудлыг ойлгож тунгаан бодох үндэслэл болох байх. Өнөөдрийн байдлаар дэлхийн олонх улс орнууд хөрөнгө оруулалтынхаа 50 орчим хувийг хөрөнгийн зах зээлээс хангаж байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд, бага өртгөөр, томоохон хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлээсээ бий болгож байна гэсэн үг. Гэтэл манай орон хөрөнгө оруулалтын хэрэгцээнийхээ 5-6 хувийг л хувьцааны борлуулалтаас олж, үлдсэнийг нь үндсэндээ банкны зээлээр хангадаг. Мөн манай орны хөгжлийн болон үйлдвэржүүлэлтийн ойрын зорилтыг хангахад 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн судалгаа бий. Өнгөрсөн хугацаанд манай орны байгалийн зарим нөөцийг ашиглах эрх авсан гадаадын 20 гаруй компани 15 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгүүлж, ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадсан байна. Гадныхан манай байгалийн баялгийг түшиглэж ийм их санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс олж чаджээ. Гэтэл бид тэднийг харж шүүмжилж сууснаас өөр юм хийж чадахгүй хэвээр байна. Бидэнд асар их боломж байгаа боловч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй өнөөг хүрлээ. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас чухалчлан тавьж байна. Ялангуяа манайх шиг уул уурхайн баялаг, нөөц ихтэй улс орны хувьд хөрөнгийн зах зээл бүр ч чухал. Байгалийн асар их баялагтай улс орондоо бид бусдаас дутахгүй амьдрахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр иргэддээ байгалийн баялгаасаа жинхэнэ утгаар хувь хишиг хүртээх, эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг олгох, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ил тод байдлыг бий болгох, орлогын шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, компаниудын засаглал сайжирч олон улсын стандартад хүрэх гээд олон талын ач холбогдолтой. Одоо үүнийгээ ажил хэрэг болгох цаг болоод байна. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цаг үеийн шаардлага ч бий.

- Монголын нэрийн хуудас болсон “Монгол эрдэс”, “Монгол эрчим”, “Монгол дэд бүтэц” компаниудыг байгуулж хувьцааг нь Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах гэсэн Таны санал хэрэгжих бүрэн үндэстэй юу?

- Ерөнхий сайд: Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд дотоодын болон Нью-Йорк, Хонгконг, Лондон гэх мэт дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд монголын төрийн өмчийн анхны компанийг бүртгүүлэх гэж зорьж байна. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК, “Оюутолгой” болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудын Монгол Улсад ногдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчийн “Монгол эрдэс” ХК, шинээр баригдах төмөр зам, эдийн засгийн ач холбогдолтой авто зам болон дэд бүтцийн бусад хэсэгт байгаа төрийн өмчийн активыг нэгтгэн төрийн өмчийн “Монгол дэд бүтэц” ХК-иудыг байгуулах талаар Засгийн газрын санал гарсан. Мөн Монгол Улс дахь ураны ордуудын төрд ногдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчийн оролцоотой “Монгол эрчим” компани байгуулан ажиллах бололцоотой. Эдгээр тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэл төрийн өмчийн эдгээр компаниудыг байгуулж хувьцааг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж арилжаалах бололцоотой. Ингэснээр санхүүгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх, олон улсын хэмжээний Монголын нэрийн хуудас брэнд болсон томоохон компанийг уул уурхайн салбараасаа төрүүлэх боломж байна. Дэлхийн уул уурхайн магнат болсон компанийг магтаж биширч ярихаасаа илүү өөрийн улсын төрийн өмчийн компанийг олон улсад гаргаж бахархах ёстой. Дэлхийн улс орнууд ч гэсэн өөрийн улсын компаниа олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж эдийн засгаа тэтгэж, хөгжлөө хурдасгах боллоо. Тухайлбал, Их Британи, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг олон орон өөрсдийн томоохон компаниа хөрөнгийн зах зээлд гаргаж улсынхаа эдийн засгийг хөгжүүлж байна. Бид энэ бүхнээс түргэн суралцаж хурдтай шийдвэрүүд гаргах ёстой.

- Тэгвэл дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгохын тулд эхний ээлжинд юу хийх шаардлагатай вэ?

- Ерөнхий сайд: Бид эхлээд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх ёстой. Юуны өмнө хөрөнгийн биржид гадны менежментийн багийг урьж ажиллуулж тэдний удирдлагын арга барил, технологийг Монголдоо нутагшуулах, өөрийн боловсон хүчнүүдээ дагуулж сургах нь чухал. Чадварлаг боловсон хүчин, шилдэг менежментийн багтай байж л олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлтэй болно гэсэн үг. Манайхтай адил системд байж байгаад зах зээлийн эдийн засагт шилжсэн ОХУ, Казакстан, Словени зэрэг олон орон хөрөнгийн зах зээлийн шинэ стандартуудыг нэвтрүүлж хөгжиж байна. Бид ч гэсэн хараад суугаад байж болохгүй. Үйл ажиллагааг нь сайжруулж, олон улсын багаар удирдуулсны дараа хөрөнгийн биржээ нээлттэй шалгаруулалтаар хувьчлах тухай асуудлыг ярих нь зөв. Энэ асуудлын талаар Засгийн газраас тогтоол гаргаж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид манай санхүүгийн зах зээлээс засгийн газрын бонд, компаниудын хувьцаа, үнэт цаасыг худалдан авахаас болгоомжилдог байдал арилна. Үүнийг дагаж манай хөрөнгийн зах зээл олон улсад нээлттэй болно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх хөрөнгө оруулагчдын тоо олширно. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохын тулд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж шийдүүлэхийг Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд үүрэг болгосон.

- Бас төрийн өмчийн компанийн хувьцааг дотоодын зах зээлд гаргах шаардлагатай юу?

- Ерөнхий сайд: Шаардлагатай. Уул уурхай, эрчим хүчний салбарын томоохон компаниудын хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжихаас гадна өөрийн иргэддээ бас худалдах боломжийг төр засаг гаргаж өгөх болно.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих