Монгол улс байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд Лондонгийн Хөрөнгийн бирж зэрэг олон тооны байгууллагуудаас санал хүлээн авч байгаатайгаа холбоотойгоор төрийн өмчид байгаа уул уурхайн баялгуудаа олон улсын зах зээл дээр гаргах гэж байна. “Рио Тинто” болон Канадын уул уурхайн “Айванхоу майнз” компани Улаанбаатар хотод Монголын засгийн газартай гэрээ байгуулсны дараа олон улсын хөрөнгө оруулагчид тус улстай гэрээ байгуулах сонирхол ихтэй болоод байна.
Монголын засгийн газар гадаадын олон улсын хөрөнгийн биржүүдтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд Лондонд хэдийгээр олон улсын хөрөнгийн биржүүд байдаг ч Хонг Конг мөн энэ яриа хэлэлцээнд орж байна. Өнгөрсөн жил Лондонгийн хөрөнгийн бирж хамтран ажиллах санал тавьж байсан ч Оросын олигарх Олег Держпаска Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонголтоо хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгийн Хөрөнгийн биржийн маркетингийн албаны дарга Лауренс Фок Монголын уул уурхайн албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Лондонгийн хөрөнгийн биржийн төлөөлөгч Монголчуудтай яриа хэлэлцээ хийж байгаа гэдгээ нотлохоос татгалзсан хэдий ч Орос, Хятадтай хөрш тус улстай бизнесийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой гэж ярьсан байна.
Монголд хайгуулын ажил тийм ч их хийгдээгүй ч Монголыг ашигт малтмалын арвин нөөцтэй гэж үздэг. Өнгөрсөн жил Монголын ураны нөөцийг өмнөхөөс нь 69 хувиар шинэчлэн тогтоосон бөгөөд 62,000 тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид тус улсын ерөнхий сайд С.Батболдод ар араасаа бараалхаж байна. Өнгөрсөн жил Оросын Холбооны Улсын ерөнхий сайд Владимир Путин Монгол улсад айлчлахдаа ураны салбарт илүү нягт хамтран ажиллах талаар ярилцаад явсан.
Монгол Хятадад ойрхон байрлаж байгаа нь томоохон уул уурхайн хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татаж байна. Хятадын хилд ойрхон байгаа нь чухал давуу тал гэж Рио Тинто компанийн захирал Том Албанез онцлон дурдаж байв.
“Цар хэмжээ, ангилалаараа Оюу Толгойн орд бол нэгдүгээр зэрэглэлийнх хэдий ч цаашид нэмж хайгуул хийх боломж байгаа. Цаг нь ирэхээр Оюу Толгой дэлхийн төвшний уурхайн бүс болох болно. Түүнээс гадна ирээдүйд дэлхийн түүхий эдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох Хятадын зах зээлд ойрхон байгаа нь Оюу Толгойг үнэхээр дэлхийн хэмжээний бизнесийн боломж болгож байна” гэж тэр ярьж байв.
Монголын хөрөнгийн бирж өдөрт ердөө 100,000 ам.долларын арилжаа хийдэг тул Монголын компаниуд өөрийн дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгоход асуудалтай тулгардаг. Лондон, Хонг Конгийн хөрөнгийн биржүүдээс гадна Нью-Йоркийн Насдак мөн Монголыг сонирхож байгаа бөгөөд Монголын албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байна. Улаанбаатар хотод байгаа Монголын Засгийн газар Таван Толгойн нүүрсний уурхайд мөн хөрөнгө оруулалт татахыг чармайж байгаа бөгөөд энэ талаархи яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. Таван толгойн ордын төслийн өртөг хоёр тэрбум ам.доллар хүрч магадгүй гэж судлаачид тооцоолж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлээ.