Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

Үүндээ нэг хором ч эргэлзэж байгаагүй. Варрен Буффет

Мөнгө “үйлдвэрлэгч”
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.


77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм.

Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна.
Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

6 настай “наймаачин” хүү
Үе тэнгийн 6 настанууд нь ээжээрээ өмдөө татуулан, мээмнээсээ ч гараагүй эрхэлж, тоглоом наадам эргүүлэн гүйж байх тэр үед Варрен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авчээ. Ингээд гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колог 5 центээр зарлаа. 1930 оны 8-р сарын 30-нд Ховардын 2 дахь хүү болон мэндэлсэн Варрен хүүхэд байхаасаа л хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог “мөнгө хүүлэгч” байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. Брокероос, Конгрессын гишүүнд өрсөлдөж явсан аавын сэргэлэн зан Варрен хүүд өвлөгдсөн нь тэр бизээ.

Кока коло жижиглэн зарж олсон ашгаараа 6 настай Варрен унадаг дугуй худалдан авч өөртөө бэлэглэв. Үүнээс 5 жилийн дараа буюу 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авчээ. Хувьцаа худалдан авсны дараахан 38 доллараар арилжигдаж байсан хувьцааны үнэ 27 болтолоо унахад Варрен маш их сэтгэл санаагаар унасан гэдэг. Гэтэл тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй хувьцаагаа тэвчээртэй хадгалж нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход зарж санаа нь амарчээ. Гэтэл тэрбээр бас л яарсан гэдгээ ухаарлаа. Учир нь хувьцаагаа зарсанаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Варренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд та ажиллахыг хүсэж байвал эсвэл энэ зах зээлээс мөнгө “уутлах” сонирхолтой бол сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган донсолж, яарч болохгүй гэдэг алтан зарчимыг баримтлах ёстой гэж Варрен хэлсэн байдаг.

Пенсилваний их сургуулийн Вартен бизнесийн сургуулийн профессоруудыг мадалсан хүү Харвардад “жийгдсэн” нь
1947 он. 17 настай Варрен Буфет ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар их сургуульд орохоор болов. 6 настайгаасаа наймаа хийсэн Варрены “хөрөнгө” энэ үед 5000 доллар болтол өссөн байлаа. 6 настайдаа хувьцаагаар бизнесийн гараагаа эхлэсэн Варрен хүү Вартены бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ. Сургуулиа орхисон Варрен Харвардын бизнесийн сургуулийн магистрын сургалтанд элсэхээр шийдэн хүсэлт гаргасан боловч Харвардаас түүнд санаанд оромгүй хариулт ирүүлсэн байна.
Энэ нь Варреныг ердөө л Харвардын магистарын сургалтанд суралцахад дэндүү залуу байна гэсэн шалтгаан байлаа. Тухайн үед доромжлол мэт хүлээн авсан энэ явдал нь түүнд хожмоо амьдралынхаа ялангуяа бизнесийн “тулаанд” хүчтэй байлдагч болоход нь тусласан гайхамшигт багштай учруулах эхлэл нь байсан гэдгийг Варрен өөрөө ч мэдээгүй юм.
Асар том боломжийг нь салхинд туусан тэрхүү дугтуйтай захиа Варренд түүнээс том боломжийг нь нээсэн шидэт илгээмж байжээ. Харвардад бүлтгүйтсэн хүү Колумбийн их сургуульд хүсэлт гарган оюутан боллоо.

Варрен Буффетын бизнесийн загалмайлсан эцэг
Колумбийн их сургуулийн багш Бен Грахамд Варрен Буффет “яг л мөнгө үйлдвэрлэгч” л ийм байх ёстой болов уу гэсэн сонгодог шинэ дүр төрхийг сануулдаг байсан гэдгийг хожмоо дурсан ярьсан байдаг. Энэ ч утгаараа цовоо сэргэлэн, суусан газраасаа шороо биш бүүүр алт ганзгалдаг Варрен хүү Колумбийн их сургуулийн профессор, хөрөнгийн зах зээлийн гайхамшигт гарын авлага гэгдэх “Security Analysis”, болон “Intelligent Investors” номын зохиолч, Бен Грахамын хайртай шавь болсон юм. Бен Грахам, 21 настай Варрен хүүг хөрөнгийн зах зээлийн эргэлт буцалтгүй хөтлөсөн алтан шатыг дардан тавьсан хүн яах аргагүй мөн гэдэг.

Оюутан байхдаа “Хэн нь хэн вэ” номыг уншсаны дараа Варрен Буффет уг номонд гардаг GEICO гэх хэн ч мэдэхгүй даатгалын компаний захиралтай уулзахаар Вашингтоныг зорьлоо. Энэ үед Варрен 21 настай байсан юм. Бямба гарагийн өглөө Вашингттонд GEICO-ийн байранд ирэхэд түгжээтэй хаалга түүнийг угтав. Варрен хэн нэгэн тэр байшинд ирж хаалга онгойлгохыг хүлээн үд дунд хүртэл байрны гадаа суужээ. Компаний хаалгач ирэхэд Варрен компаний байранд хүн байгаа эсэхийг асуутал 6 давхарт хонон өнжин ажилласан хүн байгаа тухай мэдэв. “Гэрээ мартсан гэсэр шиг” ажилладаг энэ хүн бол тус компаний Санхүүгийн албаны дарга Лоримар Давидсон байсан юм. Энэ хүн Варренг даатгалын компанитай насан турш нь холбох гүүрийг тавьсан бөгөөд хэн ч мэдэхгүй жижигхэн компани ч Варрены ачаар дэлхийд нэртэй болж чадсан байдаг.

Залуу Варрен Буффет хөрөнгийн зах зээлд
Колумбийн их сургуулиа төгсөөд төрлөх хотдоо эргэн ирж аавынхаа брокерын пүүсд ажилд оров. Энэ үеэр Сюзи нэртэй бүсгүйтэй танилцан төд удалгүй 1952 онд гэрлэжээ. Варрен Буффет өдрийн цагаар аавынхаа пүүсэд ажиллаж оройгоор Омахагийн их сургуульд лекц уншин бүх цагаа мөнгө болгохын тулд хөдөлмөрлөж байсан ч гэр бүлийн амьжиргааг нь хангалттай залгуулж чадахгүй л байлаа.

Ингээд тэрбээр Нью Иорк руу нүүв. Их хотод ирээд S&P-ийн тайланг судлан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэв. Яг эндээс Варрен Буффетын хувийн онол, баримтлал төрж энэ баримтлал нь түүнийг хожмоо хэнд ч дийлдэхгүй хүчтэй хөрөнгө оруулагч болгох суурийг тавьжээ. Компани хэрхэн ажиллаж байгаа, компаний бодлого нь тус байгууллагад ямар давуу талыг бий болгож буй зэрэг нь Варрены анхаарлыг илүүтэй татна. Энэ бүхнээс тэрбээр компаний менежментийн бодлого нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдэгт бат итгэлтэй болж ирсэн юм. Харин Бэн Грахам компаний тайлан баланс, орлогын тайлан нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн гол чиглүүлэгч гэж үзэж байлаа. Нью Иоркод ирсэн Варрен өөрийн гэсэн заримчтай ч болж мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн 9,800 доллараа 140,000 доллар болтол өсгөж чадлаа.
Энэ мэтээр явсаар Варрен 1956 он гэхэд 300,000 долларын хөрөнгөтэй болсон байв. 100,000 ам долларын анхны хөрөнгө оруулалт нь түүний мөнгийг 300,000 болтол нь өсгөж чаджээ. 1960 он гарахад 3 сайхан хүүхэд, үзэсгэлэнтэй халамжит эхнэр, ирээдүйтэй, амжилттай яваа бизнес гээд аз жаргалтай амьдралын бүхэн Варрен Буффетад байв. Өсөлтөөс өсөлт рүү байнга тэмүүлэн амжилттай явж ирсэн түүний нууц нь Варрен хэзээ ч санаа амран хойш суухгүй яг л бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм шиг эрч хүчтэй хөдөлмөрлөдөгт байв. Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 1962 он гэхэд Варрены гэр бүлийн хөрөнгө 6,846,936 болжээ.
Мэдээж үүнээс хойш түүнд уналт гэж бараг байсангүй дандаа өсөлт, амжилт, ашиг гэсэн гинжин хэлхээнд эргэлдсээр 2008 оны Forbes-ийн тэрбумтануудыг тэргүүлж нэгд бичигдсэн билээ.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих