Хөрөнгийн зах зээл арилжаанд оролцоход Та заавал компьютер, математикт мундаг байх албагүй. Сонин борлуулагч байсан ч болно гэж хэлэн ихэд алдаршсан. Хурдан хугацаанд хувьцаагаар баяжсан хүний үнэн үг миний сэтгэлийг татсан юм. Гэр бүлийнхнээсээ сургалтын төлбөр, хувцас хэрэглэл, бас хармааны мөнгө үргэлж авч, дээр нь хоол хүнс, орон байрны зардал гэж сана зовдог олон оюутны нэг нь би. Бааранд зөөгчөөр ажиллаж, нэмэр болъё гэж би гэрийнхэндээ нэг биш удаа хэлсэн ч зөвшөөрдөггүй. Архи, тамхитай газар эрүүл мэндэд чинь муу, буруу орчинд юу ч тохиолдож мэднэ, амьдралд чинь хортой гээд зөвшөөрөөгүй. Тэр нь ч мэдээж зөв. Тэгэхдээ л түрийвчиндээ мөнгөтэй, гэр орныхондоо тустай байх миний хүсэл унтарч зогсоохгүй. Уоррен Баффетын алдартай үгнээс санаа авч туршаад үзье гэж бодсон. Хоёр найздаа хэлсэн чинь шууд л сонирхож, хэрэггүй юманд үрчихдэг багахан мөнгөөр эхэлье гэж тохирсон. Заавал их мөнгө, ТOEFL-ийн шалгалтын өндөр оноо авах англи хэл, тусгай зөвшөөрөл хэрэггүй. Банкны олон улсын эрхтэй карт байхад л болно. Хамгийн хямд олон улсын энгийн карт барьцаа төлдөггүй, жилийн хураамж нь 25 доллар. Бид гурав зуун зуун доллараар л эхэлсэн. Грекийн тэрбумтан Онасис анхлан Америкт хөл тавихдаа халаасандаа зуун доллартай, сэтгэлдээ дүүрэн мөрөөдөлтэй байсныг бодвол бид гурав эх орондоо, бас илүү эхэлж байна гэж хөгжилдөн ярилцсан. Инээд ч биш аль аль нь бодит үнэн, аль алинд хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Монголд төрсөндөө буурай ядуу байна гэж гутрах, Монголд төрсөн гэж хэт хөөрөн бахдахын аль нь ч хэрэггүй гэж боддог. Амьдаръя, ирээдүйгээ өөрсдөө өөрчилье, товчхондоо мөнгө олъё гэвэл Монгол боломжийн сайхан, баялагтай орон. Монголд амьдарч болно гэж хэлнэ. Сайн явах санааных гэдэг биз дээ. Төсөл, хөрөнгө оруулалтын илүү дэлгэрэнгүй амьд, илүү олон талын мэдээлэл авч, Монголын орд газраар баталгаажсан хувьцаа, үнэт цаасыг судалж сонирхлоо. Хувьцаа авдаг, худалддаг, биржтэй холбогддог, брокерын танил ах бидэнд уриалгахан тусалж, аль компанийн хувьцааг авбал ашигтайг, төсөл, орд газрынх нь талаарх мэдээллийг өгсөн. Зөвлөгөөг нь авна, дамжуулж авч өгнө, бидэнд сонголтоо хийх эрх нь бий. Арай боломжтой бол арван мянган доллараар эхэлбэл зүгээр гэж зөвлөж байсан ч бидэнд байгаа нь л тэр Торонто, Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн биржэд хорь орчим компани хувьцаа гаргасан байна. Ivenhoe Mines, East Asia Minerals, Centerrа Gold, Mongolia Energy Corporation, Red Hill Energy, Western Prospector, Denison Mines, Mega Uranium, South Goby Energy Resourse зэрэг Торонто, НьюЙорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй хувьцаа гаргасан буюу IPO хийсэн компаниудыг судаллаа. Төслийн талаарх ил тод мэдээлэлд чадлаараа дүн шинжилгээ хийж, Монголд хэрхэн ажилладаг талаар нь нэмэлт зүйл тодруулдаг болсон. Америк, канад, хонконг доллараар үнэлэгдсэн хувьцааг авахад их мөнгө, хуримтлал хэрэггүй. Багаар эхэлсэн болохоор тэр дороо арвижихгүй ч хэрэгтэй, хэрэггүй зүйлд үрсэн, банкинд хадгалснаас ч хамаагүй ашигтай. Хэлбэлзлээсээ болоод ханш нь буурдаг ч нэг их алдагдал болохгүй, гол нь жаахан бодох л хэрэгтэй. Mega Uranium-ын хувьцаа гэхэд ширхэг нь 14-15 канад доллар буюу 830-900 төгрөг, Mongоlian Energy Corporation-ых 3-4 хонконг доллар буюу 600-700 төгрөгийн ханштай байдаг юм. Мэдээлэл авахдаа сонинд төлбөртэй бичсэн хэрүүл хараал, цээжээ дэлдсэн эх оронч” дүр эсгэсэн явцуу тоглоомыг бид авч хэлэлцдэггүй. Харин төслийн бодит явц, тодорхой мэдээлэл онцгой чухал. Жишээ нь Mongоlian Energy Corporation-ы хувьцаа гэдэг нь Ховдын Хөшөөтийн төслийн хөрөнгө оруулалт шүү дээ. Нүүрсээ тээвэрлэх засмал зам нь ашиглалтан удахгүй орох гэж байгаа мэдээлэл бидэнд байна, 340 км авто замынхаа нээлтийг хийхээр нь хувьцааны ханш өсөх нь гарцаагүй гэх мэт. Коксжсон, угааж баяжуулсан нүүрс болон эрчим хүч худалдан авах зах зээлтэйгээ замаар холбогдсон нь хувьцааны ханш, эрэлтийг нэмнэ гэх мэт. 2010 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар гэхэд тус компанийн 1 ширхэг хувьцаа Хонгконгийн бирж дээр 3.42 хонгконг доллараар (608 төгрөгөөр) арилжигдаж байсан бол яг өнөөдрийн байдлаар 3.7 буюу 658 төгрөг болж өсчээ. Нэг хувьцаа 50 төгрөг, зөвхөн миний 200 ширхэг хувьцаа намайг хичээлдээ сууж байх хооронд маань 10 мянгаар үнэ цэнэ нь нэмэгджээ. Замыг нь ашиглалтанд хүлээн авлаа гэсэн мэдээ удахгүй гарахад ханш нь бүр өснө. Чамлахаар чанга атга гэдэг. Надаас цаг хугацаа шаардахгүй, миний ашиг. Хамгийн гол нь би Хөшөөтийн уурхайн хувьцаа эзэмшигч, бага хувьтай ч эздийнх нэг, бас хөрөнгө оруулагч. Над шиг цөөхөн хувьцаатай арав хорин мянган хүн байгаа нь мэдээж. Би тэдний нэг. Зарим сонинд бичдэг шиг би лав “чөтгөрийн сэтгэл өвөрлөсөн”, харийн дээрэмчин, эсвэл эдийн засгийн алуурчин биш. Бахархалтай, ашигтай моод бол хувьцаа авах. Хэн ч эзэмшиж болно, хэн ч авч болно. Оролдоод үзэхэд хялбар. Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгож, бодитоор тусалж дэмжвэл ашигтай бизнес. Америкийн иргэдийн бараг тал нь ямар нэг хувьцаа эзэмшигч юм байна. Тэдний элбэг хангалуун, ирээдүйтэй итгэлтэй, илүү хэрэгтэй зүйлийг анхаардаг учир шалтгааны нэг нь ч хувьцаа, хөрөнгийн зах зээл. Туршаад үзээрэй, хувьцаа бол ашигтай моод. Хурдан баяжих хувьцааны ашигтай моодоор гангараарай, гоёорой.