Хөрөнгийн биржийг удирдах багийг тодруулна
Тиймдээ ч Төрийн өмчийн хороо хувьчлалын эхний алхам болсон удирдлагын багийг шалгаруулах тендер т дэлхийн томчуул уралдан саналаа ирүүлжээ. Уг тендерт олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас 10 баг материалаа ирүүлсэн. Үүнээс Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж буюу Kореа Эксченж, Америкийн “Насдак”, “Мостак” олон улсын хөрөнгө оруулалтын нэгдэл, Их Британийн Лондонгийн бирж, Германы Экстра группийн “Дойче” бирж гэсэн таван оролцогч тунаж үлдээд байна.
Тэд өнгөрсөн сард дэлгэрэнгүй бизнес төлөвлөгөөгөө Төрийн өмчийн хороонд ирүүлсэн бөгөөд эцсийн шалгаруулалтын эцсийн хариу өнөөдөр гарна. Ингээд уул уурхайн орон болоод байгаа Монголын Хөрөнгийн биржийг хэн удирдах нь тодорхой болох нь ээ.
Монголын хөрөнгийн биржийн шинэ удирдлага Монголын Засгийн газраас гаргасан Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад тусгасан даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах, компанийн тухай хуулийг шинэчлэн найруулах, иргэний хууль болон үнэт цаас, банк санхүү, даатгал, нягтлан бодох бүртгэл, эрүү захиргааны хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах зэрэг чухал арга хэмжээнүүд авна. Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын ажиллагааг зохицуулах хөшүүргийг бий болгох, хөрөнгө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн цогц төлөвлөгөөг биелүүлэх зэрэг ажил багтжээ.
Хамгийн гол нь давхар бүртгэлийн замаар Монголын болон Дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа арилжаалж буй компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Ийм төвшинд хүрэхийн тулд Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагааныхаа хувьд төдийгүй, хууль эрх зүйн орчин нь олон улсын стандартад нийцдэг болно.
Хөрөнгийн биржийн хувьчлал бүх нийтийн анхаарлын төвд байгаа ч манай улсын хөрөнгө мөнгөний урсгалыг хаашаа явуулахыг шийдэх хариуцлагатай алба учраас дотоодын компаниудаа оролцуулсан бол...? гэх харуусал бас сонсогдож байсан. Юутай ч Төрийн өмчийн хороо сонголтоо хийхэд бэлэн болж, ийнхүү Монголын Хөрөнгийн биржийг олон улсын багт шилжүүлэх мөч ойртож байна.
Газар нутгийн хувьд ойролцоо, нэг тивийх хэн хэнээ мэдэх нь ойрхон гээд Азийн хөрөнгийн биржүүд Монголтой харьцахад амар хялбар. Тэд бусад биржүүдийг бодвол Монголын тухай мэдлэг, мэдээлэлтэй. Дэлхийн санхүүгийн төв гэгддэг Лондон саяхныг хүртэл Монгол гэдэг улсын тухай мэдэхгүй байв. Харин саяхнаас Лондонгийн Хөрөнгийн бирж бидний тухай мэдэх болсон. Хажуу тив биднийг мэдэхгүй байхад холын америк Монголчуудын тухай ямаршуу мэдээлэлтэй байгаа бол. Юутай ч тэд Монголын Хөрөнгийн биржийг удирдах багаар тодрохыг хүсч, эцсийн шатанд тунаж үлдсэн байгаа.
Засгийн газраас тавьж буй Засгийн газар Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн төвшинд өрсөлдөхүйц хэмжээнд авч явах менежменттэй баг байх ёстой гэсэн шаардлагад хамгийн их дөхөж буй нь Америкийн биржийнхэн гэсэн сураг сонсогдож байсан. Ямартай ч Төрийн өмчийн хорооныхны хариуг хүлээх хэрэгтэй болох нь.
Дашрамд сануулахад өнгөрсөн хавар тавдугаар сарын 28-ны ээлжит хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ өөрчилсөн. Одоо Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр “Хаан банк”-ны зөвлөх захирал П.Морроу, “Би Эф Эй Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болормаа, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, Морган стенлийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгийн зах зээлийн салбарын дарга Жорж Тэйлор, ХБНГУ-ын GTZ байгууллагын Монгол Улс дахь зохицуулагч Стефан Ханзелмен нар ажиллаж байгаа юм....