Хувьцаа эзэмшигч болох, арилжаанд оролцож ашиг олох хамгийн эхний маш чухал алхам бол зуучлагч Брокер, дилерийн компани зєв сонгох явдал юм. Mr.Hard

“Дисковер Монголиа” дэлхийд Монголыг нээж байна.

Найм дахь удаагийн “Дисковер Монголиа-2010” уул уурхайн бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.  Бага хурал уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хуралдаан, компаниуд үйл ажиллагаагаа танилцуулах  үзэсгэлэн, Парламентийн цаг, Засгийн газрын цаг, уурхайтай танилцах аялал гэсэн хэд хэдэн хэсэгтэй. Хүүхдийн ордны үүдээр ормогц л Хаан банкны үйлчилгээний ажилтнууд угтан авч байгаа нь бага зэрэг төөрөгдөлд оруулахаар. Тус банк энэ удаагийн хуралдааны бүртгэлийг хийж байгаа энэ аж. Зочдод олгож буй мандат өнгөөр ялгагдана. Бага хурлын төлөөлөгчид цагаан, үзэсгэлэнд оролцогчид шар, хэвлэл мэдээллийнхэн улаан, үйлчилгээний ажилтнууд цэнхэр дэвсгэртэй мандат зүүх ажээ. Ерөнхийлөгчийн илгээмжээр эхэлсэн уул уурхайн хуралдаанд бага үдийн үед  12 орны 700 гаруй төлөөлөгч бүртгүүлээд байлаа. Энэ тоо гурван өдрийн дараа хэд болон нэмэгдэхийг таашгүй хэмээн хурал зохион байгуулагчид хэлсэн. Өмнөх жилүүдэд 15-16 орны 150 гаруй компанийн мянга орчим төлөөлөгч хүрэлцэн ирж байжээ. Найм дахь удаагийн “Дисковер Монголиа”-гийн зочдын дотор АНУ-ын нэртэй компани “Бер Долбер” группийн ерөнхийлөгч Бернард Гуарнэра, “Прайсуотерхаус күүперс” компанийн тэргүүлэгч Тим Голдсмит нар багтсан байна. Эрдэс баялгийн салбар нь түлхүү хөгжсөн орнуудад эрсдлийн судалгаа хийж  нэрд гарсан эрдэмтэд бага хуралд хүрэлцэн ирсэн нь “Дисковер Монголиа” дэлхийд Монголыг нээж чадсаныг илтгэж байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын ДНБ-ний 21 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 65 хувийг эрдэс баялгийн салбар дангаараа бүрдүүлсэн билээ. Энэ талаар эрхэм зочин Бернард Гуарнэра  хэлэхдээ “Манай компани одоогийн байдлаар 61 оронд судалгаа хийгээд  байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс их таатай нөхцөлтэй улсаар тодорсон. Энэ бол том амжилт. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс дэлхийд авилга, хээл хахуулиараа хоёрдугаар орж байсан бол энэ жилийн судалгаагаар 120-д жагслаа. Манай компанийн хувьд Монголд ажиллах алс хэтийн төлөвлөгөө бий” хэмээн өгүүлж байлаа. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын улс төрийн байдал болоод эрдэс баялаг, ашигт малтмалын салбарын хууль эрхзүйн орчин тогтворгүй, нэг өглөө сэрэхэд л хууль журам, тогтоол шийдвэр нь өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй гэсэн “уламжлалт” шүүмжлэлээ хэлж байв. Үүнийг батлах хэд хэдэн гашуун туршлага бий. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар алт олборлолтын хэмжээг эрс багасгахад хүрсэн бол өнгөрсөн онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”  буюу хүмүүсийн ярьдгаар “урт нэртэй” хуулиар 1400 гаруй компанийн лицензийг хүчингүй болгоход хүрээд байгааг дурдаж байлаа. Элдэв шалтаг шалтгаан тоочин “мөнгө  саах” байдал нь эргээд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол төрүүлснийг ч нуух юун.

Өмнөх бага хурлуудад уламжлал болж ирсэн “Засгийн газрын цаг”-ийг өргөтгөж, энэ удаа “Парламентийн цаг”-ийг шинээр нэмжээ.  “Парламентийн цаг” өнөөдөр 14.00 цагаас эхлэх бөгөөд УИХ-ын гишүүн С.Оюун, О.Чулуунбат, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, Х.Бадамсүрэн, Х.Наранхүү, Ц.Даваасүрэн  нар оролцох юм. Харин “Засгийн газрын цаг” 16.00 цагаас эхэлж, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Төрийн өмчийн хороо зэрэг яам, тамгын газрын төлөөлөгчид хөрөнгө оруулагчидтай нүүр тулсан ярилцлага хийх ажээ. Харин уурхайтай танилцах аялал уг бага хурлын ерөнхий ивээн тэтгэгч “Өмнийн говийн элс” компанийн Овоотын уурхайд болох гэнэ.

Бага хурлын салшгүй нэг хэсэг болсон үзэсгэлэнд 60 гаруй компани оролцож буй юм. Үзэсгэлэнд оролцогчдын хувьд төлбөр мөнгө нь өндөр боловч гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа танилцуулж амждагтаа сэтгэл хангалуун байсан. Хүүхдийн ордны  гадна талд хүртэл үзэсгэлэн үргэлжилж байлаа. “Уул уурхай дэд бүтэц-тээвэр” нэртэй нэгэн сэргэлэн компани ХБНГУ-аас оруулж ирдэг мэргэжлийн машин техникээ зөвхөн бага хурлын зочдод төдийгүй эгэл жирийн иргэдэд хүртэл таниулж чадсан юм. Энэ удаагийн бага хуралд гадаадын зочид олноороо иржээ. Үнэхээр л Монголыг гадаадад нээж чадаж. Харин дотоодын оролцогч харьцангуй цөөн харагдах нь мөн л төлбөр мөнгөний хэмжээ дамжаанаас болсон биз. Хуралдаанууд дээр тавигдаж буй илтгэлүүд хэт сурталчилгааны шинжтэй байсныг ч үгүйсгэх аргагүй. Танхимд сууж аль нэг компанийн сурталчилгаа сонсохын оронд үзэсгэлэн үзэж түншээ олох, бие биетэйгээ харилцан ярилцаж бизнесээ өргөжүүлэхийг илүүд үзэгсэд олон байсан. Уул уурхайн бага хурал гурван өдөр үргэлжилнэ.

www.huvitsaa.tk © 2010. design by : B.Shinejil | Холбоо барих